7011-3377
Иргэдийн сэтгэгдэл

Чалко Монголын нүүрсээр алдагдлаа нөхнө

Хөнгөн цагааны үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чайналко-ийн охин компани Чалко Монголын нүүрсний салбарт ноёрхлоо тогтоохоор яаравчилж байна.

Хөнгөн цагааны үйлдвэрлэлд шаардагддаг түүхий эдийн 50-60 хувь нь коксжуулсан нүүрс. Тиймээс нүүрсний зах зээлийг хамгийн ихээр сонирхож байна.

Бээжинд төвтэй Чалко олон бирж дээр хувьцаагаа арилжаалдаг. Харин Лондонгийн Металлын бирж дээр энэ оны эхний улиралд хөнгөн цагааны үнэ 12 хувиар буурсан. Үүнээс болж “Чалко” компани 173 сая ам.долларын алдагдал хүлээсэн юм.

Хөнгөн цагааны үнэ буурсны дараа “Чалко”-ийн гүйцэтгэх захирал Сяонг Вэйпинг газрын ховор элемент, коксжсон нүүрс, төмрийн хүдрийн салбарт гол анхаарлаа хандуулж, алдагдлаа нөхнө гэдгээ зарлажээ.

“Саусгоби сэндс”-ийн хувьцааг худалдан авах тухай яриа гарахаас өмнөх 12 сарын хугацаанд “Чалко”-ийн хувьцааны ханш 49 хувиар буурчээ. Гэхдээ Овооттолгойн хөрөнгө оруулалтад Монголын Засгийн газар хориг тавих төлөвтэй байгаагаас болж одоо ч хувьцаа нь хямдарсаар байгаа билээ. Гэхдээ сүүлийн үед гадны хөрөнгө оруулагчдын анхаарлыг хамгийн их татаж байгаа компани бол яах аргагүй “Чалко”.

“Эрдэнэс Тавантолгой” тус компанитай гэрээ байгуулж, Тавантолгойгоос олборлосон нүүрсний 80 хувийг тонн тутмыг нь 70 ам.доллараар худалдаж байгаа. “Чалко” Монголын нүүрсний ложистикийн системийг атгадаг “Винсвэй” компанийн хувьцааны 29.9 хувийг 300 орчим сая ам.доллараар худалдаж авахаар болсон. Ингэснээрээ “Винсвэй”-н хамгийн том хувьцаа эзэмшигч болов.

За, тэр ч яах вэ, гэтэл “Айвенхоу Майнз” компани “Саусгоби сэндс” дэх эзэмшлийн хувиа “Чалко”-д 926 сая ам.доллараар худалдахаар болсон нь монголчуудын уурыг хүргэсэн юм. “Wall Street Journal”-д “Монголчууд Хятадаас хэтэрхий хамааралтай болсноо мэдээд уурлаж байна. Гэхдээ Хятад улс түүхий эдийн эрэлтээрээ дэлхийд тэргүүлж байгаа учир тэдэнд үүнээс өөр сонголт байхгүй” хэмээн бичжээ.

Үнэн хэрэгтээ Оюутолгой төслөөс болж хятадуудтай түнжин хагарч байсан “Рио Тинто” хүртэл шалдаа бууж, тэднийг царайчлах болсоор хоёр жилийг ардаа үдэж байна. Одоогоос хоёр жилийн өмнө Хятадын хууль сахиулагчид “Рио Тинто”-ийн хоёр захирлыг барьж хорьж байсан юм. Энэ нь бүтээгдэхүүнээ Хятадын зах зээл рүү гаргадаг Том Албанест том сануулга болсон билээ. Ямартай ч энэ удаад монголчууд уурлав.

Ингээд Стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг Гадаад хэргийн сайд Г.Занданшатар оруулж ирлээ. Үүнд төрийн оролцоотой төсөлд гадны компани хөрөнгөө нийлүүлэх гэж байгаа бол Засгийн газраас заавал зөвшөөрөл авах ёстой тухай онцолсон юм.

Мөн стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгж дэх Монголын талын эзэмшил 51-ээс дээш хувьтай байхаар тусгажээ. Гадны хөрөнгө оруулагчид хэтэрхий их “шаваад” эхлэхээр түүнийг нь хязгаарлахын тулд иймэрхүү хууль гаргадаг жишиг гадны орнуудад бий. Тухайлбал, Зимбабвегийн Засгийн газар өнгөрсөн онд “Рио Тинто”, “Англо Американ” гэх мэт уул уурхайн гигантуудын эзэмшилд байсан уурхайнуудынхаа 51 хувийг хүчээр мэдэлдээ авсан юм. АНУ-д л гэхэд агаарын тээврийн компаниудад гадаадын хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшихийг хориглодог.

Ийнхүү хавь ойрын жишээ татсаар монголчууд хөдөлж эхэлтэл “Чалко” компаниас нэгэн мэдэгдэл хийв. “Монголын хууль тодорхой болох хүртэл бид “Саусгоби сэндс”-ийн” хувьцааг худалдаж авахгүй” гэж. Харин “Ройтерс” агентлаг “Хөрөнгө оруулагчид Овооттолгойн асуудлыг шийдэхийн тулд удахгүй болох парламентын сонгуулийг харзнаж байна” гэж мэдээлжээ.

“Чалко”, “Айвенхоу Майнз” хамтарсан мэдэгдэл хийхээс ердөө нэг хоногийн өмнө “Саусгоби сэндс” Цагаан толгойн нүүрсний уурхайгаа Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Модун Ресурзес”-т худалдахаар эцсийн тохиролцоогоо хийсэн юм. Энэ тухайгаа ч албан ёсоор зарласан билээ.

“Саусгоби сэндс”-ийн толгой компани нь “Саусгоби Ресурзес”. “Саусгоби Ресурзес”-ийн толгой компани нь “Айвенхоу Майнз”. Харин Р.Фрийдланд “Айвенхоу Майнз”-аа “Рио Тинто”-д бараг л худалдсан. Ингээд монголчууд шууд “Рио Тинто”, “Чалко”-той харьцах ёстой байтал дунд нь Р.Фрийдланд гарч ирээд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж, түүнийхээ хариуд чамлахааргүй мөнгө халаасалсан гэсэн үг юм.

Монголчууд эх орноо ядуу хэмээн голж, гадагшаа тэмүүлдэг. Гэтэл гадныхан Монголыг баян гэж хошуурцгаах аж.

Дашрамд дурьдахад, “Рио Тинто”, “Чалко”-ийн толгой компани болох “Чайналко”-ийн түншлэл монголчуудаас хамаарахгүйгээр зузаарч байна. “Рио Тинто” “Чайналко”-той байгуулж буй олон гэрээний нэг нь Өмнөд Африкийн Симандоу төсөл юм. Симандоу бол төмрийн хүдрийн уурхай. “Рио Тинто” 53 хувийг, Хятадын тал 47 хувийг эзэмшинэ. Нийт 1.35 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 70 сая тонн төмрийн хүдэр олборлоно.
Эх сурвалж: Улс төрийн тойм сонин

Comments are closed.

mse frc ttha masd